Skip to main content

Featured

морь шинжээч ААУ М.Нацагдорж

Адууны тамга тухай


Нүүдэлчин малчдын ахуйгаас гаралтай нэгэн өвөрмөц соёл бол малын им тамга юм. Монголчууд бодоо тамгалж, бог малаа имнэдэг. Им нь тамгыг бодвол цөөхөн хэлбэр дүрстэй. Ердөө л цулбуур буюу босоо хагалбар, онь, ухмал, шоргоолжин, ганзган, цэцгэн, үйхэн, тайрмал, зүрхэн гээд бараг дуусчихна. Харин монгол адууны тамганы дүрс 4000 даваад явчихдаг гэсэн судалгааны материал бий.

Нэг овгийнхон нөгөө овгийнхноосоо мал сүргийнхээ им, тамгаар ялгагддаг байсан уламжлал бүүр эртээс тогтсон бололтой юм. Монгол Шарын даваанаас Орвог гашууны овоо, Алтай Таван Богдоос Нөмрөг, Халхын гол хүртэл монгол туургатан суурьшиж ирсэн энэхүү өргөн уудам нутаг дээр чулуун зэвсгийн үеэс хад чулуун дээр сийлэн үлдээсэн олон мянган сүг зураг, бичиг байдгийн дотор малын тамга зонхилох тоог эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, өвөг дээдэс минь газар нутгаа эхлээд "тамгалжээ". Энэ бол Чингэсийн байлдан дагуулалтын тухай цаасан дээр үлдээсэн түүх шастираас үнэтэй нотолгоо. Тэгээд дараа нь адуугаа тамгалж эхэлсэн аж.

Их хаадын үед бүх л алдуул малыг цуглуулаад хариулж байдаг алба байсан. Малаа алдсан хүн ирээд тамгаараа таниад аваад явдаг байж. Тиймээс ч адууныхаа тамгыг ихэд шүтэж, түүнийг хийлгэх, унага тамгалах, хүүдээ шилжүүлэх өдөр судраа их нарийн сонгож, тамгалсныхаа дараа сүүнд дүрж "баар" /барцад/ -ыг нь гаргаж дээдлэн хадгалдаг байжээ.

Адууны тамга бол тухайн овгийн тэмдэг, сүлд нь юм. Монголчуудын дунд "Малд нүдтэй" гэдэг үг байдаг. Тамгагүй ч гэлээ, энэ хэний адуу вэ гэдгийг нутаг нугынхан нь хараад андахгүй. Бас хаана нь тамгалахаараа ялгаатай. Гуян дээрээ юу, ташаан толгойн дээрээ байна уу гээд л... Монгол малын нэг л зүйлийн тамга нь гэхэд дөрвөөс таван хувилбартай байдаг. Тэр бол овгоос салбарлан гарсан ах Дүүс, аавынхаасаа өрх тусгаарлан гарсан ам бүлийн тооноос шалтгаалах хэрэг байдаг аж.

Жишээлбэл, задгай саран тамгыг хойшоо, урагшаа, дээшээ, доошоо харсан нь отгон хүүгийнх нь гэхчилэн ялгаатай болгож байгаа нь тэр. Ингээд уг овгийн мал өмчлөгч шинээр ерх нэмэгдвэл задгай саран тамгаараа нэмэлт хийж эхэлдэг байна. Тухайлбал, дунд нь хэл хийгээд урагшаа харахаар "э" үсэг шиг хойшоо харахаар "е" үсэг шиг хэлбэртэй болно. Энэ нь дээшээ харахаар "сэрээ тамга" болох бөгөөд зарим газарт "шорон тамга" ч гэж ярьдаг аж.

Ингээд мөн саран тамганыхаа хэлний үзүүрт чагт нэмбэл "сартай алхан тамга" болох нь тэр. Харамсалтай нь сүүлийн үед залуучууд маань тамганы нэр байтугай малын тамга гэж юу болохыг мэдэхгүй болсон. Энэ бол 1925 онд Монголын овгуудын нэрийг устгаж эхэлснээс үүдсэн бараан түүх юм. Чухам тэр үед л чинээлэг айлуудын мал хөрөнгийг тарааж, угсаатан иргэдийн цол хэргэмийг хураасан социализмын үед устгагдаагүй үлдсэн цорын ганц шүтээн нь тамга юм.

Хэдийгээр бидний дүрсэлж төсөөлөмгүй олон арван тамга цагийн урсгалд гээгдсэн боловч өмчгүй нийгмийн үзэл сурталчид малчдын хэрэгцээнээс яагаад ч юм тамгыг нь холдуулж чадаагүй нь олзуурхам хэрэг юм.
Мөн монголчуудын адууны тамганаас кирилл үсэг "будаа идсэн" юм шиг санагддаг. Кирилл үсэг үүсэхдээ манай тамганаас маш олныг нь авч хэрэглэсэн.

Манайхан л "шинэ бичиг" гэдгээс биш угтаа бол манай л соёл болж таарах нь. Олон зууны дараа буюу 1941 онд Дамдинсүрэн гуай орос гэгддэг крилл бичиг үсгийг Монголд нэвтрүүлэхдээ дээр нь ердөө л хоёрхон нэмэлт хийсэн нь буйлан тамга буюу Т" үсэг, олмон тамга буюу "9" үсэг. Ингээд үзэхээр Дамдинсүрэн гуайн ухааныг бишрэвч баршгуй. Тэр их хүн "Би энэ хоёр шинэ авиаг адууны тамга үндэслэн орууллаа" гээд хэлчихсэн бол монголчуудад тамгыг нь хэрэгжүүлэхийг хориглох байтугай, оросуудад кирилл үсгээ хэрэглэхийг ч хориглох байсан биз. Тэр бүхнийг яаж барахав дээ. Гэхдээ О үсэг Онгин тамга, Ф, Ө үсэг Олмон тамга, С үсэг саран тамга, Ү үсэг буйлан тамга, Д үсэг гурвалжин ширээт гэх мэтээр яваад байгаа шүү дээ. Даанч бид 4000 тамгаа бүгдийг нэрлэж чадахгүй болохоор ичгэвтэр байна. Хүн төрөлхтний оюуны санд бид тийм л том юм нэмэрлэсэн байна шүү дээ. билэгдэлээ бодвол хайрах нь зөв эрт үед тамга хийж өгсөн хүнд халуун хошуутай мал хонь өгдөг байсан. 

Comments