Skip to main content
алдарт амгалан төрийн ажнай шарга азарга
- Төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан энэ хурдан хүлгийг хараад монгол хүн бүрийн самсаа шархирдаг билээ.
- Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Монгол улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны шарга азарга нь энэ цаг үеийн босоо хурдан хүлэг юм. Шарга азарга нь Морин тойруулгын Тогоруу халтар азарганы үр болох халтар азарганы төл бөгөөд эх нь Хэнтий аймгаас гаралтай цагаан гүү байсан гэдэг.
- Тод манлай уяач Э.Эрдэнэчулуунд ах дүү хос шарга морь байсан гэдэг. Хожим хоёр хурдан шаргын ах нь уралдаж яваад эрсдсэн юм. Тиймээс ч шарга азаргын тухай “Ахин төрсөн дүү шарга
- Ахын захиасыг даасан шаргаа” гэж дуунд өгүүлдэг билээ,
- Хожим 2000 оны эхээр алдар шарга азаргыг “Мон уран” компанийн захирал Б.Наранхүү үнэ цохиж худалдаж авсан гэдэг.
- Дундговь аймгийн 70 жилийн ойн баяраар УИХ-ын гишүүн Б.Наранхүү санаачлан ажнай шарга азаргын хөшөөг босгожээ. Мандалговь хотод сүндэрлэн боссон тус хөшөө нь наран ургах зүг янцгаан давхиж яваа шарга азаргыг дүрслэх аж. Хөшөөний нээлтэд зориулан 600 лам хувраг ном айлдаж 600 уртын дууч, морин хуурч ая дуугаа өргөж байсан юм.
- "Малын зах бараадаж амьдардаг малчин залуугийн эхнэр элэгний хүнд өвчин тусч, цагаан гүүний саам уулгахаар шарга унагаа дагуулсан гүүг адуунаасаа барьдаг. Зуны халуун наранд нялх унага нь хатчихна гэж өрөвдсөн бүсгүй гүүний сүүг өөрөө ууж чадалгүй унаганд нь өгсөөр эцэст нь өөрөө нас эцэслэдэг тухай, дараа нь эхийнхээ сүүг бүтэн хөхсөн шарга унага зартай хурдан хүлэг болж, наадамд түрүүлж байгаа" тухай нэгэн баримтат киног япончууд хийж, цацсан гэдэг. Домог мэт хурдан хүлэг хийгээд түүний эзэн тод манлай уяач Э.Эрдэнэчулууныхны энэ түүх сэтгэл хөдлөм уярам, үнэн бодит гэдгийг хүлгийн унаган эзэн Эрдэнэчулуун найз нөхдөдөө нэг биш удаа ярьж, тэр нь явсаар кино болсон түүхтэй аж.
- 2010 оны 2 дугаар сарын 13-ны өдөр буюу сар шинийн битүүний өдөр “Шарга азарга”-нд Монголын морин спорт уячдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр “Амгалан төрийн ажнай хүлэг” цол олгосон юм.
Comments
Post a Comment