Skip to main content

Featured

морь шинжээч ААУ М.Нацагдорж

галсан банида адуу



Дэлхийд 200 орчим үүлдрийн адуу байдаг гэж үзэж байгаа. Эдгээрээс хоёрхон үүлдэр нь ууган гэж тооцогддог. Энэ нь Араб, Монгол хоёр үүлдэр. Бусад үүлдрийн адууг сүүлийн 200 жилийн туршид шинжлэх ухааны аргаар гаргаж авсан.
Харин Араб болон Монгол үүлдрийн адууг хэрхэн үүссэн нөхцөл шалтгааныг шинжлэх ухаан тогтоож чадаагүй л байна. Дэлхийн шинжлэх ухаан хөгжиж эхлэхэд л энэ хоёр адуу байж л дээ. Монгол адуунд үндэслэсэн өөр үүлдрийн адуу гэж бараг байхгүй. Дэлхийд хурдны чиглэлийн бүх үүлдэр Араб адуун дээр суурилсан байдаг бол Монгол адуун дээр суурилсан хурдны чиглэл байхгүй.
Тэгэхдээ 3 сая орчим адууг дотор нь гурван том хурдан удмын адуу болгосон байгаа юм. Галшарын, Тэсийн голын, Жаргалантын хурдан удмын адуу гэж байдаг. Галшарын хурдан удмын адууг Хардэл жанжин Пүрэвжав 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхний 20-иод жил буюу үндсэндээ 30 гаруй жилийн дотор гаргаж авсан. Жаргалантын хурдан удмыг 1930 оноос 1950-иад оны сүүлийг хүртэл морин завод байгуулан, төрийн хөрөнгөөр, Зөвлөлтийн тусламжаар гаргаж авсан. Монголын үндэсний их баяр наадам, даншигаас эхлээд одоог хүртэл сүүлийн 150 гаруй жил энэ хоёр хурдан удам ноёлж байгаа. Энэ хоёр удам нь Монгол адуун дээр суурилсан Төв Азийн тэгш тал нутагт үүссэн хурдан үүлдэр юм. Тэгэхдээ энэ хоёр адууг үүсэж хөгжиж, хурдалж байх тэр үед нь шинэ үүлдрийн адуу юм шүү гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулж авч чадаагүй байна. Апбан ёсоор нэрлэвэл Монгол үүлдрийн адуун доторх хурдан удмын хоёр үүлдэр нь энэ. Үүн дээр Тэсийн голын хурдан удмын адуу байгаа. Үүнийг ч бас судлаагүй байгаа. Тэсийн голын адуу бол тэр нутагтаа илүү хурдан гэж нотлогдож байгаа. Сүүлийн үед хийсэн баруун бүсийн уралдаануудад Тэсийн голын адуу ноёлж дийлж байгаа. Ийм гурван хурдан удмын адуу байдаг.
Үүний зэрэгцээ 12, 13 хурдан угшлын адуу байдаг. Тэднийг Шинжлэх ухааны холын бодлоготой хөтлөөд явбал удам болдог. Удам болгож чадаагүй угшлын хэмжээнд үлдсэн эдгээр 12, 13 төрлийн адууг нэрлэвэл: Дарьгангийн жижиг зээрдүүд, Ширээтийн цагаан гэж бий. Түүн дээр Тайж адуу, Банди адуу гэж Дорноговийн Дэлгэрэх суманд үүссэн хоёр хурдан угшлын адуу байгаа. Үүний дээр Боржигоны, Баянцагааны, Өмнөговийн Говь Шанхын хурдан угшил гэж бий. Ар Хангайн   Яруугийн,   Баянхонгорын   Залаа заншлын, Завханы Хануйн борлогууд, Увсын Ханхөхийнх гэх мэт хурдан угшлын адуу бий.
Тайж, Банди угшлын адуу гэдэг бол онцгой сонин нөхцөлтэй. Ер нь Монголын хурдан удмын адуу дийлэнх нь зүүн талдаа байгаа. Энэ тухай баримт 19-р зууны эхнээс эхлээд даншигийн наадмын хурдан морины данс архивт байдаг. Тэр бүгдийг ажиглаад үзэхээр зүүн талын аймаг хошуудын, Дорнод Монголын бүс нутагт хурдан морины соёл өндөр хэмжээнд хүрсэн. Үүнд: Галшарын хурдан угшлын адуу зүүн Монголд бий болсон. Галшарын хурдан удмын адуу бий болох олон урьдач нөхцөлүүд байсан. Галшарын хурдан удмын адуу үүсэхийн өмнө Цэцэнханы Хан угшлын адуу одоогийн Хэнтий аймгийн Өндөрхаан, Баянхутаг сум, Дайчин засгийн хурдан угшлын адуу одоогийн Батноров сум, Дархан вангийн хурдан угшлын адуу Хэнтийн зүүн талын хоёр гурван сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан хүртэл байв. Эдгээр сумд хуучины хошуудын уртрагт оршдог. Энэ гүрван хурдан адууны хөрсөн дээр Галшарын хурдан удам бий болсон юм. Энэ гурвын үүсэх нөхцөл нь юу байв гэхээр 1820 онд Халхын To ван эцгийнхээ оронд ноён суусан жилдээ Цэцэнхан аймгийн чуулган чуулах үеэр Хэрлэн барс хотын чуулганд Амбан цэцэн Ханд тахийн үр, монгол мориноос гарсан дэлтэй хөх саарал үрээ хөтөлж иржээ. Ийнхүү хошуу ноён To ван аймгийн Хандаа өгсөн бэлгийн үрээнээс Цэцэнханы адууны Хан угшил үүсээд тэр нь Дайчин засаг, мөн Дархан вангийн хошуу руу түгж тархаад энэ гурвын үндсийг Хардэл бээс гэдэг өндөр боловсролтой, хөрөнгөтэй хүн Галшарын удмын хэмжээнд хүртэл бий болгож авсан юм.
Тайж, Банди адууны нутаг Дэлгэрэх Галшарын ердөө залгаа. Дэлгэрэхийн зүүн залгаа нь Сүхбаатар аймаг. Тэнд Хэрээтийн цагаан адуу, Бага хардэлийн адуу байв. Ийм олон хажуугийн хүчин зүйлүүд Тайж, Банди адууг үүсэхэд нөлөөлсөн. Хамгийн гол үүсэх үндэс юу гэхээр Хилэнхормой гэж халхын сайн эр Дэндэв тайжийн эцгийнд тахийн үр, монгол гүүнээс гарсан адуу авчирч өгч байсан аман мэдээ байдаг юм. Тайж адууны хуучны дансанд Боржигон цэцэн вангийн хамгийн зүүн үзүүр Тойгийн цаад залгаа. Тэндээс Даншигийн наадамд морь түрүүлсэн явдал 1910, 20-иод онд гарсан юм. Хамгийн их нэрд гарсан, нутаг хошууныхаа нэрийг гаргасан нь Хөх Цэрэнгийн хээр морь. Дэндэв тайжийнх нилээн хөрөнгө чинээтэй, нөлөөтэй айл байж. Хээр морийг уяж уралдуулсан хамгийн их нөлөөтэй уяач бол Хөх Цэрэн. Хөх Цэрэн уяач 1940-өөд оны үед Хэнтий аймгийн наадамд Дэндэв тайжийн Их хээр гэдэг морийг түрүүлгэж байсан. Адуун дундаасаа cop нь болсон их, бага хоёр хээр морь гаргаж авна гэдэг уяачийн эрдэм байгаа юм.
Тухайн үед бас Нимгэн саарал гэж сайн морь байсан дуулддаг. Үүний зэрэгцээгээр Дорноговийн  олон уяач байдаг Онгон Адилбиш, Хэтийн Нарангэрэл гээд. Дэндэвийн адууны цусаар сэлбэсэний үр дүнд Онгон Адилбишийн Зул хонгор адуу, Хэтийн Нарангэрэл гуайн сайн сайн адуунууд гарсан. Ононгийн хээр морь байна. Тэр хээр Дэлгэрэхийн залгаа сумын морь юм. Хашир туршлагатай уяачид маань ганц сумын эсвэл, аймгийн хэмжээнд биш улсын хэмжээнд л уяж байгаа. Дэлгэрэхийн газар нутгийн онцлог бол олон хурдан удам угшлын адууны захад залгаа, түүний дээр олон аймаг, сумын зааг. Олон газрын зааг гэдэг чинь бүх юмны зангилаа, олон сайн адуу цугладаг, үржил сэлгээний ажил хийхэд тохиромжтой байдаг. Дэндэв тайжийн угшил зүүн талдаа нэрд гарсан адуу. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд  2009 оны Улсын их баяр наадмаар Тайж угшлын хээр морь түрүүллээ. Энэ адуу яах аргагүй Дэлгэрэхийнх. Тайж адуугаа яаж алдаршуулах нь Дэлгэрэхнийнхний асуудал боллоо.
Хоёрт Банди адуу бол Монгол даяар нэрд гарсан сайн адуу. Чухам Банди адууны үүсэж бүрэлдсэн үе нь 1920-оод оны сүүлч 1930-аад оны эхээр болов уу. Монгол даяар нэрд гарсан нь Галсан банди адууны үр үндсэнд Шивээтийн цагаан адуу орсон байхыг үгүйсгэхгүй. Нутаг ч их ойролцоо. Энэ угшил судлаачдын нүдэнд нэг их өртөөгүй. Галшар, Тэс, Жаргалантыг бол гадаад, дотоодын орос монгол адууны сэдвээр оролдсон эрдэмтэн болгон л авч үздэг. Угшлын хэмжээнд үлдсэн Тайж адуу, Банди адууг судлаачид шинжлэх ухааны түвшинд судалж дүгнэсэн зүйл одоохондоо байхгүй юм. Гэхдээ Галсан банди адуу хурдан, хурц гэдэг нь мэдэгдээд байгаа. 1938 онд Хэнтий аймгийн наадамд Галсан бандийн Хүүхэн цагаан гэдэг азарга түрүүлсэн. Тэр үед Хэнтий аймгийн наадамд гадны адуу битгий хэл гаднаас машин очоод бараг морины урд гарахааргүй хурдан байсан. Жишээ нь Дэндэв тайжийн хээр морь   түрүүлэхэд   Хэнтий   аймгийн   дарга машинтайгаа дагаад, уяач Хөх Цэрэн гуай хээр морьтой, даргын “67”-той хажуугаар нь уралдаад л цуг явж байсан гэдэг хошигнол байдаг. Хэнтий аймгийн наян хэдэн жилийн наадамд үндсэндээ гаднаас азарга түрүүлсэн тохиолдол ганцхан байдаг.
Галсан банди адуу маш их тархсан. Хамгийн харамсалтай нь Галсан банди адуу Улаанбаатарт ерөөсөө уралдаагүй. Үүнийг ч бас буруушаах хэцүү л дээ. Ер нь хурдан морио ачиж авчирч уралдуулах чинь саяхан, 10-аад жилийн өмнөөс эхэллээ. Морио хөлөөр нь авчирч уралдуулах нь 10 өртөө газарт болдо? юм. Галшар Улаанбаатараас 400-аад км. Тэрнээс нилээн цааш Дэлгэрэх бий. Холоос хөтөлж ирэх хэцүү л дээ, бэрхшээлтэй талууд олон байдаг байх. Ийм асуудлуудаас болж Галсан банди адууг улсын баяр наадамд уяж байгаагүй байх. Гэхдээ сүүлийн үед нилээн тарж байгаа. Дорноговьд ноён хутагт Данзанравжаагийн ойгоор цагаан азарга хурдалсан. Тэр л угшил явж байна. Сүүлийн үед тарахдаа нутгийн олон түмний сайнаар биш Монголын мөнгөтэй бизнесменүүд очиж аваад, Улаанбаатараас баруун тийш гаргаад Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Ховдод Галсанбанди угшлийн цагаан цоохор, буурал зүсмийн адуу маш их тарж байна. Миний ажигласнаар долоон буурал морь хурдалж байна. Гагцхүү харамсалтай нь дандаа морьд худалдаж аваад уралдуулж байна. Гэхдээ Дэлгэрэхийнхэн өөрсдөө уяад хамар даваад уралдаж чадахгүй байна. Улаанбаатарт очиж уралдаж болно. Энэ боломж бололцоог орон нутгийнхан муу ашиглаж байна гэдгийн хэлье.
Харин Дэлгэрэхэд Банди адууны сайхан дурсгалын багана босгосон нь зүйтэй хэрэг. Зөвхөн хөшөө босгочихоод суугаад байвал нэмэргүй. Өөрсдөө уяж оролд, уралд, тэгж байж л магнай тэнийнэ. Дэлгэрэхийнхнийг залхуураад байхаар хаа байсан Ховд аймгийн уяачид хээр адууг нь худалдаж аваад улсад түрүүлгэж байна. Тэрэндээ “Дэлгэр хээр” гэж гоё нэр өгсөн байгаа. Буурал адууг нь ч баруун тийш аваачиж түрүүлгэж байна. Өвөрхангай, Баянхонгорт бас Говь-Алтайд болсон бүсийн уралдаанд түрүүлсэн. Ховдын бүсийн уралдаанд түрүүллээ. Завханд Сайхансамбуугийн уясан цоохор буурал морь түрүүллээ. Энэ бүгд Дэлгэрэхийн Галсанбанди адууны угшил юм.
Ийм олон хурдан удмын, хурдан угшлын адуу бий болгож өгсөн Дэлгэрэх нутгийн өвөг дээдэст Монголын бүх уяачид үнэн голоосоо баярлаж байгаа. Тэднийг үргэлжлүүлэн хурдан удмын адууг нь үржүүлж, хурдан морьдоо уяж, уралдуулж амжилт гаргах үүрэг нь нутгийн уяачдад байгаа юм.

Comments