Skip to main content

Featured

морь шинжээч ААУ М.Нацагдорж

нутагтаа мөхөрсөн хурдан хүлгүүд



Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн алдарт уяач Ойдовын Мятавын хар гэж орон нутагтаа босоо хурдан морь байв. Энэ хүлэг уул гарал Архангай аймгийн Өлзийт сумын өөлдийн адуу юм гэнэлээ. 1989 онд О.Мятав уяач адуучин Нямсүрэнгээс орных нь морийг өгч найман настай битүү морь худалдаж авчээ. Цогио тасрахгүй хаа ч хүргэдэг сайн хүлэг байсны учир хоосонгүй хэмээн горьдож уях болсон нь алдаагүй юм.
1990 онд Сайхан сумандаа аман хүзүүдүүлж, 1991-1995 он хүртэл завсаргүй таван жил Сайхан сумын баяр наадамд түрүүлгэж гайхуулсан байна. 1993 онд Уурхайн наадамд, 1994 онд Уурхайн 30 жилийн ойд дахин түрүүлжээ. 1996 онд Могодод очиж уралдан тавд давхиж, Намхай аваргын кино зураг авалтын баяр хэмээх өргөн наадамд мөн тавд давхижээ. 1997 онд 16 насандаа Сайхан сумынхаа баяр наадамд дахин дэвжээгээ эзэгнэн түрүүлсэн байна. Тэр жилээ  Эрдэнэт хотод болсон хангайн бүсийн уралдаанд 400 гаруй моринд очиж уралдан айргийн тавд хурдалжээ.Тус наадамд унасан ач хүү Бавуудорж нь хар морийг их араас гарч дөчин хэд дээрээс нэхсээр айрагдсаныг нь бахдалтай дурсдаг юм. 1998 онд Их хурд уралдаанд урилгатай очиж уралдан 52-т хурдлав. 1999 онд Булган аймагт 12-т давхиж, 2000 онд Сайхан сумынхаа гурван түмэн адууны баярт 19 настай уралдаж зодог тайлсан түүхтэй.
О.Мятавын хурдан хүрэн азарга Могод сумын хоёр түмэн адууны баярт түрүүлж, бага дөрвөн насандаа айрагдаж түрүүлсэн, сумандаа хоёр аман хүзүүдэж, 1997 оны Булган аймгийн 60 жилийн ойд гуравт хурдалсан хурдан хүлэг байв.
Сайхан сум айрагны сайхан, аварга арслангуудаараа алдартай ч улсын бүсийн уралдаанд орон нутгаасаа ирж морь айрагдуулсан цорын ганц хүн нь их уяач Ойдовын Мятав юм.

Comments