Skip to main content

Featured

морь шинжээч ААУ М.Нацагдорж

Онон мөрийн түүх домог болсон морины эрдэм хэнд өвлөв

1950 онд Дархан сум наадам хийгээгүй жил одоогийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Цагаан толгойд олон сумдаас морь ирж өргөн том наадам болжээ. Энэ наадамд Дархан сумаас олон уяачид очин айраг түрүү олныг авч сайн наадсан гэдэг. Энэ наадмыг үзэхээр О.Уламбаяр /Онон-мөрийн бага охин/, С.Должин нар явжээ. Тэд наадам хийх газрыг мэдэхгүй учир наадамд явж байгаа уяачидтай тааралдан тэднийг даган явах зууртаа С.Должин тэнд явж байгаа морьдонд Даланжаргалан сумын Булуугийн Шаравын цуутай хурдан хүрэн азарга явааг хүмүүсийн ярианаас мэдээд цуг яваа Уламбаяртаа хурдан хүрэн азаргыг зааж харуулахад Уламбаяр “энэ хүрэн азарга айрагдаж чадахгүй болсон юм байна” гэжээ. Тэр наадамд Шаравын хүрэн азарга айрагдаж чадаагүй гэж С.Должин гуай хуучилж билээ. 

Буяндэлгэрийн шарга азарга адуутайгаа алга болоод олдохгүй байлаа. Шагдарын Аюуш шарга азаргатай адууг эрж явсаар наадмаас арваадхан хоногийн зайтай одоогийнТөв аймгийн Баянжаргалангийн нутаг Хөөтөөс олж авчран шарга азаргыг барихад оноо гарталаа таргалсан байв. Энэ их тарган азаргыг хэрхэн уях талаар Л.Өлзийдоо, Л.Шагдар нар зөвлөлдөн уяж хоноод шөнө дундаас хойш нэмнэж хөлслөхөөр болов. Ш.Аюушийг хөлсөлж ирээд хөлсийг нь хаттал гишгүүлгэснээр үүр цайтал уяа эргүүлжээ. Ингэж уяа эхэлсэнээс хойш шарга азаргыг няцлалгүй уяад наадмын өмнөх өдөр шарга азаргыг Уламбаярт үзүүлэх гэтэл Уламбаяр “Би уяан дээр очихгүй, Ах нар минь өөрсдөө мэдэж байгаа уяанд буруугүй байх“ гэжээ. Тэгэхээр нь сумын баруун хойно байсан индэр дээр шарга азаргыг аваачиж үзүүлжээ. Уламбаяр үзээд “азарганы хаана ч хөндүүр алга. Ийм тарган азарганд хоолыг нь сайн өгвөл болох байхдаа” гэжээ. Шарга азарга маргааш нь уралдаж зайтайхан түрүүлсэн юм. Эцгийн эрдэм охинд нь бага боловч үлдсэний жишээ энэ буюу.

Comments