Skip to main content

Featured

морь шинжээч ААУ М.Нацагдорж

Монгол улсын хамгийн үнэтэй зарагдсан адуу болох Монгол хээр азарга


Азарга барианд орсны дараа “Аман хүзүүдсэн хээр азаргыг наадмын урьд шөнө 500 сая төгрөгөөр Наранхүү худалдан авчээ” гэсэн мэдээ олны салхиар хуурай өвсөнд тавьсан цучил шиг тархах нь тэр. Төдий л удалгүй “Хээр азарганы эзэн Сүхбаатарт унаж явсан “Lexus-570” маркийн авто машинаа бэлэглэжээ” гэсэн дуулиан наадмын чимэг яриа болсныг уншигчид санаж буй нь лавтай. Хурдан моринд зүрх сэтгэлээ зориулсан хийморилог эрчүүдийн ханцуй доторх зангаргатай наймаа гэдэг чухам энэ биз. Хамгийн өндөр үнэ хүрсэн хурдан хээрийг үүнээс хойш Наранхүүгээр овоглож, “Монгол хээр” хэмээн монгол түмэн шагшин бахдах болсон юм. Монгол хээрийн амжилтын цуваа луу жилийн хаврын тэргүүн сард зохиогдсон “Дүнжингаравын хурд”-ын түрүүгээр үргэлжилсэн ч одоогоор улсын наадмаас өмнөх амжилтаа эвдээгүй байгаа. Б.Наранхүү хэдийгээр “Дөчин сая төгрөгөөр авсан” гэж даруу загнан цагаан хэл амнаас бултуулдаг ч хагас тэрбумын үнэд найдвартай хүрсэн гэгддэг Монгол хээр азаргыг наадамчин олон “Энэ жил л ид шидээ үзүүлж, эзэндээ түрүү авчрах байх” хэмээн таамагласаар байна.

Comments