Skip to main content

Featured

морь шинжээч ААУ М.Нацагдорж

монгол адууны шүд


Унага эхээс гарахдаа ихэнхдээ шүдгүй байна. Унаганы голын 2 үүдэн шүд эхний долоо хоногт, дараах хос үүдэн шүд 15 - 45 хоногт, дунд ба захын үүдэн шүднүүд 5-9 сартайд ургана. Мөн энэ хугацаанд нялхын солигдох 3 хос араа ургана. Унага 9 сартайдаа бүх нялахын үүдэн шүд ургаж гүйцсэн үүдэн шүд 12, соёо- 4, араа-12, бүгд 28 шүдтэй болсон байна. Өсвөр адуу 2 настай болтлоо нялхын шүдтэйгээ байна. 
Хоёр настай адууны эрийг шүдлэн үрээ, охиныг шүдлэн байдас гэнэ. 2,5 настайд доод ба дээд, голын нялахын шүд байнгын шүдээр солигдож 3 настайдаа ургаж гүйцнэ. 
Гурван настай адууны эрийг хязаалан үрээ, охиныг хязаалан байдас гэнэ. 3,5 настайд нялахын хажуугийн үүдэн шүднүүд ясан шүдээр солигдож 4 настайд ургаж гүйцэнэ. 
Дөрвөн настай адууны эрийг соёолон үрээ, охиныг соёолон байдас гэнэ. 4,5 настайд нялахын захын үүдэн шүднүүд ясан шүдээр солигдож 5 настайд ургаж гүйцэнэ. 
Таван насанд адууны бүх үүдэн шүдний цөгц элэгдээгүй байх үеийг бүрэн шүдтэй эрийг нь морь, эмийг нь гүү гэж нэрлэнэ. 
Зургаан насанд доод эрүүний голын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дор дөрвөн зах шүдтэй морь, гүү гэнэ. 
Долоон насанд доод эрүүний хажуугийн 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дор зах шүдтэй морь, гүү гэнэ. 
Найман насанд доод эрүүний захын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр бүрэн шүдтэй морь, гүү гэнэ. 
Есөн насанд дээд эрүүний голын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр дөрвөн зах шүдтэй морь, гүү гэнэ. 
Арван насанд дээд эрүүний хажуугийн 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр зах шүдтэй морь, гүү гэнэ. 
Арван нэгэн насанд дээд эрүүний захын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр ясан шүдтэй морь, гүү гэнэ. 
Цаашид адууны шүдний дээд гадаргуугийн хэлбэр, хэмжээ өөрчлөгдөнө.10-12 настайд шүдний дээд гадаргуугийн хэлбэр хөндлөн зууван, 13-15 насанд бөөрөнхий, 16-20 насанд гурвалжин, 20 ба дээш насанд босоо зууван хэлбэртэй болно. Яс сайтай адуу ясан шүдтэйгээ олон жил амьдрах ба 30 нас хүрсэн тохиолдол байдаг.

Comments